Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2013-01-28      Дорнын Нью-Иорк


Тэнгэр баганадсан шилэн өндрүүд, зүг бүрт сүлжилдсэн давхар зам, усан парк, дэлхийд долоо байх лааны тосон баримал, амар амгаланг мэдрүүлсэн цэцэрлэгт хүрээлэн, цаг минут хэмнэсэн метро, техник технологи, амьтан, байгалийн зохилцлыг харуулсан музей гээд нүд хужирлах зүйлээр баян Шанхай руу нисэх онгоцоор зорчиход гуравхан цаг шаардлагатай.

Бээжингээр дамжин, хамгийн багадаа зургаан цаг зарцуулж Азийн Нью-Йоркийг үздэг байсан цаг ард хоцорчээ. Бидний мөнхийн өрсөлдөгч цаг хугацааг хэмнээд зогсохгүй хэтэвч дэхийг маань ч гамнах энэ шууд нислэг Монгол Улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ гээд олон салбарт давхар боломж нээж өгч байгаа юм. Шанхайд дэлхийн санхүү, эдийн засгийн том төвүүд, олон улсад үнэлэгдсэн их дээд сургуулиуд бий. Гэрлийн хурдаар хөгжиж буй энэ хотыг Азийн нийслэл хэмээн тодорхойлдог. Хятадын Шанхай хот гэж нэрлэгддэг ч үнэн хэрэгтээ энэ хот аль хэдийнэ дэлхийн том нийслэлүүдийн тоонд орсон. Энэ хотод дэлхийн хамгийн өндөр барилгуудын гурав нь бий. Зөвхөн хятад иргэншил, соёл, өнгө төрх гэхгүй эндээс өрнө, дорнын цогц илэрхийллийг тольдож болно. Тэр хэрээрээ Шанхай дэлхийн үнэ цэнэтэй, өртөг өндөртэй хотуудын тоонд орсон. Товчхондоо тансаг, үнэ цэнэтэй хэрэглээг эрхэмлэж, шинэ содон бүхэнд дурладаг баячуудын мөнгөө харамлахгүй зорьдог хотуудын тоонд Шанхай зүй ёсоор орж байгаа юм. Шанхайг Пудунг дүүргээр нь уран барилгын дизайны төв хэмээн тодорхойлдог. Нэг үгээр хэлбэл XIX, ХХ зууны барилгын интерьер дизайныг нэг дороос харах боломжийг Шанхай олгоно. Үүнээс гадна эдийн засаг хэрхэн хурдацтай хөгжиж болдгийг эндээс харж болно. Тиймээс ч Шанхайг хурдацтай эдийн засгийн “үзүүлэн” гэж үздэг. Бас Азийн аялал жуулчлалын чамин тансаг бүтээгдэхүүн энэ хотод цогцолсон. Энэ бүх давуу талаараа дэлхийн гэж тодотгосон бүхнийг өөртөө татаж, Ази Европийн хөгжлийн гүүр болж байгаа юм. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүхэн ямар үнэ цэнэтэй, гайхалтай сүрдмээр байдгийг тив алгассан Нью-Йоркоос бус хажууханд байрлах Шанхайгаас харж болохыг дуулгахад таатай байна.

“ХОГ” ЦУГЛУУЛАХЫГ ХҮСВЭЛ
Шар мөрнөөр зааглагдсан шинэ, хуучин Шанхай өөр өөрийн онцлогтой. Өндрөөрөө дэлхийд гуравдугаарт орох 468 метр өндөр “Дорнын гэрэлт сувд” радио телевизийн цамхгаас эхлээд 100 давхар “бөглөө онгойлогч” гэх мэт шилэн барилга сүндэрлэсэн шинэ Шанхайгаас орчин үеийн хотын хэв шинж харагдана. Бас хуучны Европ төрхтэй барилга, гудамж ч бий. Ерөнхийд нь хуучин Европыг харуулсан шинэ Хятад гэж болно. Харин хуучин Шанхайгаас мэдээж Хятад өнгө илүүтэй харагдана. Барилга байгууламжаас эхлээд, гудамж талбай наад зах нь “үнэр нь” Хятад. Шанхайгаас хятад хэв маягийг, амьдралыг, байшин барилгыг үзэхийг хүсвэл Yu Yuan паркт очиход л хангалттай. Улаан өнгө зонхилж, эртний Хятадын хэв шинжийг хадгалсан энэ парк бүхэлдээ худалдааны гудамж болсон учраас аялагч, жуулчдын заавал очих ёстой газруудын нэг. Угаасан хувцас өлгөх зориулалттай төмөр сарайсан байшингуудын дээд давхарт амьдрал үргэлжилж байхад доод давхарт нь худалдаа наймаа өрнөнө. Эртний эд зүйлс, хятад гар урлал, зураг сонирхдог хүмүүс энэ гудамжнаас хайсан бүхнээ олох боломжтой.
Гучин таван юаниас сайн хямдруулна гэх улаан дэнлүү энэ гудамжны гол илэрхийлэл. Бас зэсээр хийсэн төрөл бүрийн бурханы дүрийг, хятадын бэлгэдэл болсон лууг, эртний сүм хийдийн хаалганы бариулыг, амьтны дүрсийг гээд төрөл бүрийн эдлэл ч сонирхол татна. Өөрийн гэсэн илэрхийллийг бий болгож, өндөр түвшний нэгэн гэдгээ харуулахыг хүссэн хүн 80 юаниар чулуу авч, нэрийн дардас цохиулах боломжтой. Хуучны бүхэн үнэ цэнэтэй болж буй энэ үед цуглуулгыг чинь баяжуулах нандин бүхэн Yu Yuan паркт бий. 1905 оны Scientific American, 1939 оны Хятадын өнгөт сэтгүүл гэх мэтээр эртний сонин сэтгүүлийн цуглуулгад чинь үнэт олдвор болох зүйлс энд л бий. Хуучин бүхнээр нэр төрийн илэрхийллээ болгохыг хүсэгчид эндээс хайсан бүхнээ олно. Жуулчдад зориулсан худалдааны гудамж учраас тэдэнд зориулсан жижиг үйлчилгээ хаа сайгүй бий. Дүрийг цаасаар хайчилж, жаазалж өгөхөөс эхлээд дүрст үлгэр ярих газар ч байх. Бэлэг дурсгалын, цуглуулгын бүхнээс гадна Yu Yuan паркаас Xiaolong bao нэртэй алдарт буузыг амталж болно. Хятадын нэрийн хуудас болсон энэ буузын хамгийн амттайг энд л хийдэг. Гэхдээ нэлээд дугаарлаж байж зургаан ширхэг буюу нэг жигнүүрийг 16 юаниар авна. Үүнээс гадна эндээс гудамжны хоол гэдгийг жинхэнэ утгаар нь үнэртэж, харж, идэж болно. Хавч, сам хорхойг цэвэрлэж бэлтгэчихсэн, шарж хуураад өгөхөд бэлэн. Ер нь хуучны Хятадыг илтгэсэн бүхнийг эндээс харж, үзэж, авч, амсах боломжтой.

ҮЗЭХЭД ГЭМГҮЙ Л ДЭЭ
Шанхайд очоод заавал үзэх ёстой газруудын нэг нь Шинжлэх ухаан, технологийн музей. Жаран юаний тасалбартай энэ музей нэрнээсээ бол зөвхөн техник технологийг харуулах мэт ойлгогдоно. Харин дотроо асар том арслан заанаас эхлээд туйлын цагаан баавгай бусад амьтадыг багтаасан Евро Ази, Африкийн газар нутгийг бодит мэт дүрслэн харуулжээ. Ингэхдээ хүчтэй нь хүчгүйгээ гэсэн амьтны ертөнцийн бичигдээгүй хуулиар зохиомжилсон нь сонирхол татна. Цаашилбал яг л ууланд яваа мэт чулуун шатаар өгсөж, хажууханд ус урсаж байгалийн гайхамшгийг мэдрүүлнэ. Дүүжин шатаар гол давж, уулын дунд хэвтээ аварга анакондо тэргүүтэй могойн хэсэгтэй золгоно. Бас сарьсан багваахайн амьдралыг харуулсан агуй ч бий. Дээвэрт нь эрвээхий эргэлдсэн хэсгээс эрвээхийн хичнээн олон төрөл зүйл байдгийг харж, загасны биеийн бүтцийг харна. Ер нь энэ дэлхийд ямар амьтад хүнтэй зэрэгцэн оршдгийг, яаж амьдардгийг, байгалийн зохилдлогоо ямар байдгийг энэ музей дотор бүрдүүлсэн “амьд” орчноос мэдэж авна. Нэгэнт шинжлэх ухаан, технологийнх учраас ая хэмнэлээр бүжих, шоо эвлүүлэх, тээш шалгах, төгөлдөр хуур дарах, хүнтэй даам тоглох роботуудыг харуулсан хэсэг ч бий. Бас пуужин, сансарын биетүүд, компьютерийн үүсэл болсон бичгийн машины үе шат, микро биетүүд гээд техник технологитой холбоотой бүгдийг үзэж болно. Энэ музей хүүхдүүдэд зориулсан тусгай хэсэгтэй. Тэнд хүүхдүүд тоглохын сацуу юмсыг танин мэднэ.
Мэдээж Шанхайд очсон хүн дэлхийд цөөхөн Madame Tussauds буюу лааны тосон баримлын музейгээр орохгүй буцаж болохгүй. Найздаа, өөр хэн нэгэнд Мадонна, Барак Обама, Жет Ли, Путин, Анжелина Жоли, Дэвид Бекхэм, Том Круз нартай “уулзаад” гар барьж, патиараа татуулаа гээд ярих юмтай ирнэ шүү дээ. Нэг зуун тавин юанийн тасалбартай энэ музейд дэлхийд алдартай олон хүнээс цочиж, гайхаж ихэнхтэй нь танимхайрч “уулзана”. Тэнд өөрийн залуу үеийн дүр төрхөө гурван хэмжээст, бодит байдлаар хийлгэсэн одод хэзээ ч хөгшрөхгүй, бас хэзээ ч таалал төгсөхгүйгээр мөнхөд зогсоно бас суугаа билээ. Дэлхийн алдартнуудтай уулзчихаад эсвэл өмнө нь усны амьдралын гайхамшгийг харуулсан далайн парк үзэх хэрэгтэй. Бүр тодруулбал Шанхайд очсон хүмүүсийн заавал үзэх ёстой газруудын нэг гэсэн үг. Нэг зуун жаран юань буюу 36 000 төгрөгөөр далайн амьдралыг бүхэлд нь тольдож болно. Оцон шувуу, далайн морь, наймаалж, яст мэлхий, төрөл бүрийн загас гээд далайд ямар л амьтан байдаг бүгдийг мэдэж авах боломжтой.
Толгой дээр, хөл доор хаа сайгүй загас сүлжилдэх орчин нь таатай сайхан. Мөн эндээс далайтай холбоотой бүх төрлийн бэлэг дурсгалыг зүйлийг 30 орчим юаниар худалдаж аваарай. Ер нь Шанхайд зураг авч болохгүй газар бараг үгүй. Хотоо нээлттэй болгож, жуулчдын мөнгийг эх орондоо үлдээх гэсэн бодлого нь эндээс илхэн харагдана. Байшин дотор далайг, байгалийг, амьтан ургамлыг харуулсан бүхэл бүтэн ертөнцийг цогцлоон байгуулсан нь аялагч жуулчдыг өөрийн эрхгүй халаасаа тэмтрэхэд хүргэнэ. Зорьж очсон бүхнийг алмайруулж, гайхшруулж, дуу алдуулах, бүр айдас төрүүлэх хүнд ямар л мэдрэмж байдаг тэр бүхнийг төрүүлэх бүхэн Шанхайн далайн парк, Madame Tussauds, шинжлэх ухааны музейд бий.

ШАНХАЙД 24 ЦАГИЙН ДОТОР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Шанхайд сургалтаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 20 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсаас 60 гаруй оюутан суралцаж байгаагийн ихэнх нь хэлний бэлтгэл хамрагдаж буй. Шанхайн их, дээд сургуулийн бакалаврын боловсрол нь 25 000-35 000 юань буюу зургаан сая төгрөгөөр үнэлэгддэг. Харин оюутны дотуур байр нь сарын 400 мянган төгрөгийн өртөгтэй. Гадны оюутнууд Шанхайд хэлний бэлтгэлтэйгээ нийлээд зургаан жил сураад шууд эх орон руугаа буцдаг. Шанхайгаас гадныхан ажлын байр олно гэдэг худлаа. Хичээлийнхээ хажуугаар хийх ажил ч олддоггүйг монгол оюутнууд хэлж байсан. Ерөнхийдөө Шанхай Хятадын бусад хотуудаас харьцангуй европжсон дээр нь өртөг өндөртэй хот. Метрогоор нэгээс хоёр буудал явахад гурван юань, такси нь 13 юаниас эхэлнэ. Харин Бээжинд бол метро нь хоёр, таксины тоолуур 10 юаниас эхэлдэг. Мэдээж Шанхайд очсон хүмүүс шопонг хийнэ. Брендийн том дэлгүүрүүд нэг, долоодугаар сард хямдрал зарладаг. Харин арав, арваннэгдүгээр сар уур амьсгалын хувьд тохиромжтой.
Хоногийн 24 цагт багтааж Шанхай хотыг үзэхийг, мэдрэхийг хүсвэл Maglev галт тэргэнд сууж Дун Тай гудамж эсвэл Yu Yuan паркаар явж, хуучны эд зүйлс сонирхон, гахайн махтай бууз идэнгээ Фу шинг цэцэрлэгт хүрээлэнд хөлөө амрааж болно. Дараа нь Шанхай хотын музейгээр аялж, Хятадын ард түмний 5 000 жилийн зовлонт амьдралыг харуулсан үзмэрүүдийг сонирхох хэрэгтэй. Харин орой нь Green массажаар алжаалаа тайлж, Вund-ийн 33 давхарт байрлах Вью бааранд дарс шимэнгээ, гэрэлтүүлэг, чимэглэлийн гайхамшгийг харуулсан шөнийн Шанхайг харж болох юм. Дэлхийн хэмжээний том хот Шанхайгаас олон зүйлийг үзэж харж болох ч хамгийн гайхалтай нь энэ хот маш олон жилийн турш Англи, Герман, АНУ-ын дундын колони байж Барууны соёлын нөлөөнд автсан ч хятад төрхөө хадгалан үлджээ. Шилэн өндөр барилга барихыг чухалчлах болсон ч хуучны барилгуудаа нураахгүйгээр нэг давхарт нь ресторан, дэлгүүр байрлуулж, гэрлэн чимэглэлээр өнгө нэмсэн нь чамин бөгөөд үнэ цэнэтэй харагдах аж.
Азийн нийслэл гэх Шанхай жуулчдын, сонирхогчдын буудаллаад өнгөрдөг энгийн нэг хот биш гэдгийг тэнд холхилдох зуу зуун жуулчид батална. Бас хүссэн нэгэн очоод байхгүйг үнэ цэнэ нь харуулна. Зориод нэг очсон байхад үзэж харах зүйл мундахгүй ихтэй Шанхай хотын сүрлэг сайхан цогцлоон бүтээжээ.

Үндэсний тойм сэтгүүлийн 2013.01.14-ний дугаараас

 


TOP