Embraer Е195-Е2 агаарын хөлгөөр хуваарьт нислэг үйлдэж эхэллээ
Хүннү Эйр компани Ази тивд Е195-Е2 төрлийн агаарын хөлгийг ашиглаж эхэлсэн анхны авиакомпаниудын нэг гэдгийг дуулгахад таатай байна. Энэ баярт үйл явдлыг тохиолдуулан БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Дашин нисэх буудалд манай агаарын хөлгийг хүлээж авах ёслол 05 сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тус ёслолд Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Бразил улсын Эмбраэр үйлдвэрийн захирлууд болон Бээжин дахь төлөөлөгчийн газрын удирдлага, Дашин нисэх буудлын удирдлага, хил, гаалийн байгууллагуудын төлөөлөл, Хүннү Эйр компанийн удирдлага оролцсон бөгөөд тус үйл ажиллагаанд Хүннү Эйр компани Дашин нисэх буудлын танхимд Монгол улсаа сурталчлах зорилгоор ирсэн зочиддоо уртын дуу, хөөмий болон морин хуурын аялгууг эгшиглүүлсэн нь олны анхаарлыг татлаа.
Хүннү Эйр компани 04 сарын 19-ний өдөр Е195-Е2 төрлийн шинэ агаарын хөлгөө хүлээн авч үйл ажиллагаандаа аль хэдийн амжилттай нэвтрүүлсэн бөгөөд Е190 агаарын хөлөгтэй ээлжлэн манай бүх чиглэлд нислэг үйлдэж байна.
