Чонжу - Мөрөн чиглэлд анхны шууд нислэгээ амжилттай гүйцэтгэлээ
Өнөөдөр буюу 2025 оны 07 сарын 29-ний өдөр 09 цаг 40 минутад Хүннү Эйр компанийн Е-190 агаарын хөлөг БНСУ-ын Чонжү хотоос хөөрөөд Улаанбаатар хотоор дамжилгүй шууд Мөрөн нисэх буудалд буулаа.
2 улсыг холбосон энэ нислэг ойролцоогоор 4 гаруй цаг үргэлжилсэн бөгөөд Монгол Улсыг зорих аялагчдын зардал болон цагийг хэмнэж, аялах илүү таатай нөхцөлийг бүрдүүлж чадлаа.
Олон улсын нислэгийг орон нутгийн нисэх буудалд буулгах нөхцөлийг бүрдүүлэхэд Хүннү Эйр компани, ЗТЯ, ИНЕГ, хилийн байгууллагууд, аймгийн захиргаа, нисэх буудал, аяллын компани гэх мэт олон байгууллагууд хамтран ажиллаж үнэтэй туршлага хуримтлуулав.
Энэ туршлагыг үндэслэн дотоодын нисэх буудлууд олон улсын шууд нислэг авах, нислэг ихтэй зуны улиралд олон улсын нисэх буудлын ачааллыг багасгах боломжийг нээхээс гадна аймгуудын аялал жуулчлалын хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх боломжтой.