Airline Business Seminar-т оролцлоо

Иргэний болон цэргийн зориулалттай агаарын хөлөг үйлдвэрлэгч, дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг болох Embraer компаниас зохион байгуулсан “Airline Business Seminar”-т Хүннү Эйр компани оролцож, олон улсын тавцанд туршлагаасаа хуваалцлаа. Уг арга хэмжээнд олон улсын агаарын тээврийн эрх бүхий байгууллагууд болон дэлхийд нэр хүндтэй агаарын тээвэрлэгч компаниуд оролцож, салбарын шинэ чиг хандлага, технологийн дэвшил, бизнесийн стратегийн талаар хэлэлцлээ.

Энэ удаагийн хуралд Хүннү Эйр компани урилгаар оролцож, Монголын агаарын тээврийн зах зээлд хэрхэн амжилттай өрсөлдөж буй туршлага, компанийн өсөлтийн стратеги болон Embraer E195-E2 төрлийн цоо шинэ агаарын хөлгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн туршлагаасаа танилцууллаа. Хүннү Эйр компанийн төлөөлөл тус хурлын үеэр E2 агаарын хөлгийн үр ашиг, үйл ажиллагааны гүйцэтгэл, чиглэлийн уян хатан байдал зэрэг бодит туршлага дээр суурилсан мэдээллийг хуваалцаж, бүс нутгийн нислэгийн ирээдүйн хөгжил болон компанийн хэтийн төлөвлөгөөний талаар бусад оролцогчдод танилцуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн нисэхийн салбарын мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг эрэлхийлэх чухал талбар боллоо.


2025-11-18