ЗОРЧИГЧДОД ӨГӨХ САНАМЖ

“Зорчигчийн билет” гэдэг нь зорчигч, тээвэрлэгч хоёрын хооронд байгуулсан тээвэрлэлтийн тухай гэрээ буюу гэрээний баталгаа болгож олгосон төлбөрийн баримтыг хэлнэ.

Тухайн гэрээгээр гүйцэтгэж буй тээвэрлэлтийн тариф нь тээвэрлэлт эхлэхээс өмнө өөрчлөгдөж болох бөгөөд хэрэв тогтоогдсон тариф төлөгдөөгүй бол тээвэрлэгч тээвэрлэхээс татгалзах болно.

Тээвэрлэгч нь зорчигч болон тээшийг цаг хугацаанд тээвэрлэх талаар өөрөөсөө хамаарах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд тээвэрлэгч урьдчилан мэдэгдэхгүйгээр зорчигчдыг өөр тээвэрлэгчид шилжүүлэх, онгоц солих, билетэнд заагдсан хүрэх буудлыг өөрчлөх буюу хүчингүй болгох мөн нислэгийн хуваарийг зорчигчдод урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөх эрхтэй.

Олон улс болон Орон нутгийн тээвэрлэлтийн явцад тээш эвдэрч, гэмтсэн болон дутсан тохиолдолд зорчигч нь учирсан хохирлыг илрүүлсэн даруйд тээшээ хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор тээвэрлэгчид гомдлоо бичгээр гаргах ёстой. Тээш нь саатсан тохиолдолд тээшийг эзэнд нь олгосон өдрөөс хойш 21 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс тээвэрлэгч нь тухайн аялалд бүртгэх тээшний хэмжээг хязгаарлах эрхтэй.

ТЭЭШ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЯЗГААРЛАХ ТАЛААР САНАМЖ
  • Өндөр үнэтэй, үнэт зүйлс агуулж буй тээшийг урьдчилан мэдэгдэж нэмэлт хураамж төлөөгүй бол тэрхүү тээш алдагдах, гэмтэхтэй холбогдсон хариуцлагыг хүлээхгүй.
  • Аялалд бүртгэгдсэн, үнэ зарлаагүй тээш алдагдах буюу дутсан тохиолдолд тээвэрлэгч нь алдагдсан буюу дутсан тээшний нийт жингийн 1кг тутамд орон нутагт 8000 төгрөг, олон улсад 20 ам.доллараар тооцож хохирлыг барагдуулна.
  • Та мөнгө, үнэт эдлэл, компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг бүртгүүлэх тээшиндээ хийхгүй байхыг зөвлөж байна. Хэрэв тийм эд зүйлс алдагдах буюу гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч ямарваа нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
  • Тээвэрлэгч хөгжмийн зэмсэг, шилэн эдлэл, цаг, камер зэрэг хэврэг зүйлс гэмтсэн тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
  • Хэт овортой болон хэт дүүргэж багласан тээш, хэт хуучин эсвэл чанар муутай чемоданы дугуй зэрэг хэсэг нь салсан, их бие болон бусад хэсгүүд гэмтэж зурагдсан, хонхойсон, бохирдсон зэрэгт тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг тийз авсан газар болон тзэвэрлэгчээс лавлана уу.
ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Та олон улсын аялалын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

Зорчигчийн билет нь нэр нь бичигдсэн тухайн зорчигчийн хувьд л хүчин төгөлдөр байна. Бусдад дамжуулсан эсвэл засварласан билетийг хүчингүйд тооцож тээвэрлэлтэнд хүлээн авахгүй ба мөнгийг буцаан олгохгүй.

  • Үндсэн тарифаар бичигдсэн зорчигчийн билет нь аялал эхлэх өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй. Хөнгөлөлттэй буюу тусгай тарифаар бичигдсэн билетийн хүчинтэй хугацаа тухайн тарифын нөхцөлд заасан журмаар хязгаарлагдана.
  • Очоод буцах газарт 24 цагаас илүү хугацаанд байх бол буцах нислэгт захиалсан суудлаа нислэг эхлэхээс 24 цагийн өмнө заавал баталгаажуулах шаардлагатай. Дээрх хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд суудлын захиалгыг хүчингүй болгож бусдад худалдах болно.
  • Хэрэв зорчигч нь /групп зорчигчид нэгэн адил/ аялал эхлэхээс 24 цагийн өмнө билетээ буцаахыг хүссэн тохиолдолд зохих хэмжээний үйлчилгээний /үнэт цаасны/ хураамж төлнө.
  • Зорчигч нь нислэг эхлэхээс 2 цагийн өмнө нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирж бүртгүүлэх үүрэгтэй.
  • Зорчигч нь тогтоосон хугацаанаас өмнө нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага хангаагүй баримт бичигтэй ирснээс шалтгаалан суудал хоосон явуулсан тохиолдолд суудлын торгууль болон үйлчилгээний хураамжийг төлнө.
  • Зорчигч нь олон улсын нислэгээр энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 15 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.
  • Зорчигч нь биедээ 5 кг-аас хэтрэхгүй тээшийг авч явах эрхтэй бөгөөд өөрийн тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцана. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй ээрэг ороод 55см х 40см х 20см-аас хэтрэхгүй байвал зохино. Мөн билетээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тээвэрлэгч байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

ЗӨВШӨӨРӨГДСӨН БОЛОН ХОРИГЛОСОН ТЭЭШ

Гар тээш болон тээшинд авч явахыг зөвшөөрсөн аюултай ачааны төрлийн эд зүйл болон бодисын жагсаалтыг харна уу.

Аюулгүй байдлын үүднээс зарим төрлийн аюултай бодис, эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг хориглодог тул Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.

Аюултай ачаа

Өөрийн шинж чанараараа хүний амь нас, эд хөрөнгө болон хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй бодис, эд зүйлсийг аюултай ачаа гэх ба эдгээр аюултай ачааг Хүннү Эйр компанийн агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглоно.

Үүнд:

  • Тэсрэх бодис – төрөл бүрийн тэсрэх бодис, салют гэх мэт,
  • Шахмал хий – баллонтой хүчилтөрөгч, бутан гэх мэт,
  • Шатамхай шингэн болон хатуу бодис – бензин, ацетон, асаагуурын шингэн, аяны шүдэнз, будаг, аялалын зуух гэх мэт,
  • Цацраг идэвхит бодис – цацраг идэвхит бодис агуулсан түүхий эд, эмнэлгийн болон үйлдвэрийн зориулалттай бодис,
  • Идэмхий бодис – хүчил, зэв арилгагч, меркури барометр, шингэнтэй аккумулятор гэх мэт,
  • Халдварт болон хорт бодис – шавьжны хор, эд эрхтэн, шинжилгээний дээж гэх мэт,
  • Исэлдүүлэгч бодис – устөрөгчийн хэт исэл агуулсан цайруулагч нунтаг гэх мэт,
  • Бусад аюултай бодис, эд зүйлс – соронзон материал, хуурай мөс гэх мэт
Цахилгаан хэрэгсэл

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс агаарын хөлөгт цахилгаан хэрэгсэл хэрэглэхийг хориглодог ч, CD тоглуулагч, зөөврийн комьпютер, сахлын цахилгаан машин зэргийг агаарын хөлөг хөөрөх, буухаас бусад үед ашиглахыг зөвшөөрнө.

Гар тээшинд хориглох эд зүйлс

Зорчигч, агаарын хөлгийн гишүүдийн аюулгүй байдал, агаарын хөлгийн үйл ажиллагаанд аюул учруулах, заналхийлэлд ашиглаж болохуйц бүх төрлийн хутга, мэс, хурц үзүүртэй эд зүйлс, гольфийн цохиур, нум сум зэрэг спортын хэрэгсэл зэрэг аливаа эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт авч орохыг хориглох тул Та дээрх эд зүйлсээ тээшиндээ хийж бүртгүүлээрэй.

Таны гар тээшинд эдгээр зүйлс олдсон тохиолдолд аюулгүй байдлын үзлэгээр хураагдах ба Хүннү Эйр компани хураагдсан эд зүйлсд хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Шингэн болон гель

Олон улсын чиглэлд бүх төрлийн шингэн болон гелэн бүтээгдэхүүн нь 100 мл-ээс ихгүй хэмжээгээр савлагдсан тохиолдолд гар тээшинд тээвэрлэхийг зөвшөөрнө. Үүнд: эм тариа, шампунь, үсний гель, үнэртэй ус, спрей гэх мэт шингэн зүйлс орно.

Эм тариа, хүүхдийн хоол тэжээлийг та гар тээшиндээ тээвэрлэх эрхтэй хэдий ч эдгээр зүйлс нь таньд зайлшгүй хэрэгтэй болохыг батлах баталгаа, эмчийн бичиг шаардлагатайг анхаарна уу.

Төлбөрийн боломжууд: Copyright © hunnuair.com, All rights reserved